Их Британийн Ерөнхий сайд асан, дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Дэвид Камерон өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчиллаа. Сүүлийн таван жилийн хугацаанд Их Британиас Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2023 оны III улирлын байдлаар 684 сая ам.долларт хүрчээ.
Тодруулбал, 2019 онд 74.6, 2020 онд 51.8, 2021 онд 207, 2022 онд 171 сая ам.доллар байв. Тус улсын хөрөнгө оруулагчтай 152 компаниас 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 15.5 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Харин худалдааны эргэлт 2023 онд 65.7 сая ам.доллараар илэрхийлэгджээ. Энэ нь 2022 оноос 19 орчим хувиар өссөн дүн аж.