Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэн, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт таван их наяд төгрөг зарцуулахаар болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар, хоршоолллын талаар туршлагаа солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн, байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүллээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж, анх удаа УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулж, “Чингис”, “Евро”, “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцууллаа. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Цаашид эдийн засгийн хөгжлийг бүсчлэн тухайн бүсүүдийн онцлог, давуу талд тулгуурлан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулан хэрэгжүүлнэ” гэлээ.
Манай улс 189.3 мянган малчин өрхтэй. Өнгөрсөн онд 64.6 сая мал тоологдсон. ДНБ-д мал аж ахуйн салбар 11.6 хувийг эзэлж буй бөгөөд 2023-2024 оны өвөл нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй, зудтай байсан. Өвөл, хаврыг дамнасан энэ зудад 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан байна. Зудад нэрвэгдэж, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа малчдадаа дэм болохын тулд Засгийн газраас зээлийн болон хүүгийнх нь эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах, зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэнийг нь төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус, Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг Ерөнхий сайд мөн хэллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавьж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан онцлов. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвраар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс, шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрджээ.
Бэлтгэсэн У.Наран