“Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй” гэдэгчлэн УИХ-ын бүх гишүүн бүрэн эрхтэй, гэхдээ дарга нь, одоо бол Г.Занданшатар илүү эрх мэдэлтэй. УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн хуралдааныг даргалах гэх мэт эрхийг нь илүү үзээд байгаа юм биш. Гишүүдэд нь байдаггүй өөр олон эрх эдэлж байгаа учраас ийн онцлов. Бүх гишүүний олонхын саналаар баталсан хуулийг гэртээ, “орон дотроо” зассан гэдэг шалтгаанаар УИХ-ын даргаас огцорсон хүн ч бий шүү дээ.
Энгийн жишээ дурдъя. Ээлжит бус чуулган зарлах эрх УИХ-ын даргад бий. Үүнийг зарлах, эсвэл зарлахгүй байх нь анхаарал татсан ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөтэй. Тухайлбал, 2018 оны долоо, наймдугаар сард тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах тухай Ерөнхийлөгчийн санаачилга хийгээд нэр бүхий гишүүдийн саналын аль алийг нь хүлээж авалгүй гүрийсээр намрын чуулгантай золгосон удаатай. Өнөөгийн эрх баригчид “60 тэрбум”-ынхан ба бусад хэмээн хуваагдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь буулгах гэж өөр хоорондоо үзэж тарж байсан үе л дээ.
М.Энхболдын эсрэг ажилласан хүмүүс эхлээд ээлжит бус чуулган зарлуулах замаар АТГ-ын даргыг чөлөөлж, түүнийг унагахыг зорьж байв. УИХ-ын тухай хуульд зааснаар ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээших нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулдаг. Ийм тооны гишүүд, бас Төрийн тэргүүн Х.Баттулга санаачилга гаргаад ч ээлжит бус чуулган зарлуулж дөнгөөгүй юм даг. Өнөөх нь улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг нүүрлэсэн, хойшлуулшгүйгээр нэн яаралтай шийдвэр гаргах тохиолдолд л ээлжит бус чуулган хуралдуулна гэж гүрийсэн хэдэн сард төрийн ажил тэр чигтээ гацсан юм.
Үүнээс гадна хэлэлцэх асуудлын дарааллыг үндсэндээ УИХ-ын дарга тогтоож буй гэхэд болно. Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн саналыг харгалзан тогтоохоор хуульд заасан ч хэрэгжүүлдэг, эсэх нь эргэлзээтэй. УИХ-ын тухай хуулийн 14.3-ын дагуу нам, эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагаа, хууль тогтоох байгууллагын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, УИХ-ын төсөв болон дотоод үйл ажиллагаатай нь холбогдолтой бусад зүйлийн талаар зөвшилцөх чиг үүрэгтэй эл зөвлөлд спикерээс гадна парламентын дэд дарга, бүлгийн болон байнгын хороодын дарга, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга багтдаг бөгөөд ажиллах журмыг нь УИХ-ын дарга баталдаг.
Эл зөвлөл нь бүрэлдэхүүний хувьд Олон улсын парламентын холбооны шалгуурыг ерөнхийдөө хангаж байгаа ч эрх зүйн байдал нь зөвшилцөх гэхээс илүү УИХ-ын даргад зөвлөх шинжтэй ажиллаж ирснийг манай судлаачид онцолжээ. Гэвч бэлэн болгосон төслөө өргөн барих зөвшөөрөл олгох, хүлээн авсныгаа хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байх зэргээр хяхаж, хавчсан үйлдлийг УИХ-ын үе үеийн дарга нар гаргаж ирсэн. Жишээ нь, ногоон автобусыг худалдан авсан үйл явцыг шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ дахь сөрөг хүчнээс гаргаж, түүнийг нь нэр бүхий 25 гишүүн дэмжин, гарын үсэг зурсан төслөө Г.Занданшатар даргад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр уламжилсан ч хойш тавьж, хоёр сар гаруй хав дарсан.
Уг нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог заавал ажиллуулахаар хуульчилсан байдаг. Улмаар гишүүд тогтоолын төслөө өргөн барьсан тохиолдолд дараалал харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, хянан шалгах түр хороог байгуулахаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасныг тэрбээр зөрчсөн юм. Харин цөөнхийн зүгээс энэ оны эхээр намрын ээлжит чуулганыг хаахаас өмнө түр хороо байгуулахгүй бол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр спикерийг Үндсэн хуулийн цэцэд “өгнө” гэж мэдэгдсэнээр хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан юм даг.
Ийн сөрөг хүчнээс санаачилсан төслийг хэлэлцэхэд хойрго хандах атлаа эрх баригчид өөрийн намын гишүүд, Засгийн газраас боловсруулсан төслийг шуурхай хэлэлцэн баталдаг. Ингэхдээ төлөвлөсөн асуудлын тов, дарааллыг үл харгалзан нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэрийг зөвхөн УИХ-ын дарга л гаргадаг. Үүнийг УИХ-ын тухай хуулийн 14.1.8-д “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг үндэслэн баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр хууль, бусад шийдвэрийн төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах нь УИХ-ын даргын бүрэн эрх” хэмээн хуульчилчихсан. Хэчнээн ч хууль, тогтоолыг ийм тодотголтойгоор баталсан юм, бүү мэд. Тэр хэрээр иргэд, олон нийт, парламент дахь сөрөг хүчин, цөөнх нь ч мэдээлэлгүй үлдсэн нь харамсалтай. Ямартай ч парламентаар ингэж нэн яаралтай хэлэлцүүлдэг жишиг бий, эсэхийг судлаад олоогүй, байсан ч тун цөөн гэдгийг улс төр судлаач Я.Төгөлдөр хэлнэ лээ. Ямар хуулийг яагаад нэн яаралтай баталсан талаарх судлаачдын байр суурь нэгийг бодогдуулах биз ээ.
Мөн УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд дарга, парламентын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эрх УИХ-ын даргад л бий. Иймд парламент дахь хамтын удирдлагын шийдвэрийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн нэрээр өдгөө Г.Занданшатар гаргаж байгаа жишгийг хууль тогтоох дараагийн байгууллага өөрчлөх ёстой. Уг зөвлөл удирдлагынхаа үгээр хөдөлдөг биш, хамтын, хараат бус, бие даасан шийдвэр гаргадаг байх нөхцөлийг хуулиар бий болгох шаардлагатайг судлаачид хэлж байна. Герман, Эстони, Канад зэрэг улсад ийм зөвлөл нь бие даан ажиллаж, хэлэлцэх асуудлын төсөл боловсруулахад л голлон анхаардаг аж. Тухайлбал, Германы Бундестагт дээрх бүтцийг Ахмадын зөвлөл хэмээдэг бөгөөд хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх саналаа нэгтгэн парламентын гишүүдэд хүргүүлдэг гэнэ. Улмаар гишүүдээс эсрэг санал гаргахгүй бол тов, дарааллыг батлагдсанд тооцдог юм байна.
Гэхдээ одоо хэлэлцэж буй УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд даргын бүрэн эрхийг хэвээр нь л хуулаад тавьчихаж. Харин ч шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах гэх мэт эрхийг спикерт нэмэхээр тусгасан байна.
ИЙМ ЖИШГЭЭР ЦААШ ЯВБАЛ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛ АЮУЛД ОРНО
П.Наранбаяр (нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч): -Яаралтай горимоор хэлэлцэх, эсэхийг УИХ-ын дарга шийдчихдэг. Унтах гэж байхад нь Ерөнхий сайд УИХ-ын дарга руу утсаар яриад л ямар ч асуудлыг парламентаар хэлэлцүүлэгт оруулж болох нь. Жишээ нь, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр нэн яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Хүний өмчлөх эрхийг зөрчиж, Засаг даргад баахан эрх мэдэл овоолсон эл хуулийн төслийн талаар нийслэлийн ИТХ-ынхнаас ч асуугаагүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, улсын тусгаар тогтнолд аюул занал учруулсан, засаглалын хямралд орчихсон гэх мэт онцгой нөхцөл байдалд хууль, тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Манайд бий болсон жишгээр цааш явбал парламентын ардчилал аюулд орно.
УИХ-ЫН ДАРГА ТУСДАА ИНСТИТУЦ БОЛЧИХЛОО
Х.Номингэрэл (хуульч): -Одоо байгааг нь харвал УИХ-ын дарга парламентын дотор биш, дээр нь суучихсан, гишүүдийнхээ “жинхэнэ” дарга мэт авирладаг, тусдаа институц болчихоод байна. Уг нь хуралдааны зохион байгуулалтад анхаарч, дэг сахиулах л үүрэгтэй хүн шүү дээ. ҮАБЗ-ийн ажилд гэхэд парламентын байр суурийг нэгтгэн илэрхийлэхээс илүүтэй хувь хүнийхээ үүднээс оролцож буй мэт харагддаг. Иймд эдгээр эрх мэдлийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэх мэт бүтэц рүү шилжүүлэх ёстой. Мөн УИХ-ын дарга парламентыг ямар түвшинд төлөөлөх ёстой вэ гэдгийг нь тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн ямар нэгэн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж байгаагийн зорилго нь ердөө л сөрөг хүчин, цөөнхөд мэдээлэл өгөхгүй байхад чиглэж буй.
“ЦАХИМ”-ЫН ГЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ Ч НЭН ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛСЭН ШҮҮ ДЭЭ
Д.Оргил (судлаач): -Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг үндэслэн баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах эрх парламентын удирдлагад бий. Юм болгоныг үүнд хамааруулах боломжтой. Цахим орчинд хяналт тавих тухай хуулийн төслийг ч үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбосон учраас нэн яаралтай хэлэлцүүлсэн шүү дээ. Ер нь хууль, тогтоол батална гэдэг нь тогтсон дэг, дэс дараалалтай. Төслөө боловсруулахын тулд иргэд, олон нийтээс саналыг нь сонсохоос авхуулаад алх цохих хүртэлх дараалал, дэгийг ямар нэгэн байдлаар зөрчиж, товчлох гээд байгаа бол батлах хуралдааны санал хураалт нь ядаж өндөр босготой байх ёстой.