Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Засгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх, салбарын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажлуудыг хийж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хэд хэдэн төлөвлөгөө боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Үүний үр дүнд, зарим шийлвэрийг гаргалаа. Эхний ээлжинд 25 тэрбум төгрөгөөр онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлж, сайжруулахаар улсын төсөвт тусган шийдвэрлэлээ.
Мөн онцгой байдлын байгууллагын чадварыг нь нэмэгдүүлэхээр одоо байгаа эрэн хайх аврах, гал түймэртэй тэмцэх нэгж бүлгийн тоог нэмэгдүүлэхээр боллоо. Үе үеийн Засгийн газар бүтэц орон тоог нэмэгдүүлж ирсэн ч улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу явж байгаа. Одоогоор онцгой байдлын байгууллагад зайлшгүй байх шаардлагатай эрэн хайх, аврах, гал унтраах алба хаагчдын тоо 60 хувь дутуу, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл 40 хувь дутуу байна. Түүнчлэн онцгой байдлын алба хаагчдын 10 хүн тутмын гурав нь л стандартын шаардлага хангасан хувцастай байгаа.
Алба хаагчдын цалин хангамжийн хувьд 2025 оны төсөвт нэгж ангиудыг 128-аар нэмэгдүүлж, тэр хэмжээгээр төсвөө нэмнэ гэсэн үг. Одоо улсын 330 сумын 30-д нь аврах анги байдаг учраас эрсдэлийг бууруулах бодлоготой нийцэхгүй байгаа учраас энэ асуудлыг танилцуулсан.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр удаа цалин нь нэмэгдэж байсан. Сүүлд долоо хоногийн өмнө цалин нь дунджаар 25 хувиар нэмэгдсэн. Хоёрт, ОБЕГ-ын сургалт, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цалин нэмэгдэж байгаа ч нийгмийн асуудал нь чухал байгаа. Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ.
Зарим нэг орон тоог баталж, шаардлагатай төсвийг батлах үүргийг өгсөн. Жишээлбэл, гал унтраах дрон, робот, тоног төхөөрөмжөөс гадна гал сөнөөгчдийн олон улсын стандартад нийцсэн хувцас авахад 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногоос нийлүүлэлтийг хийнэ.
Онцгой байдлын байгууллага одоо гар утас, олон нийтийн сүлжээгээр урьдчилан сэргийлэх мэдээллээ хүргэдэг бол удахгүй зарлан мэдээлэх шинэ системийг нэвтрүүлэхээр 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээр УИХ-ыд санхүүжилтын хэлэлцээрийг соёрхон батална. Үндэсний гамшгийн удирдлагын төвийг байгуулах ажил энэ жилээс эхэлнэ.
Хоёрдугаарт, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Баянзүрх дүүрэгт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ноцтой осол гарсан. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтүүд эцэслэн гарсан. Тухайлбал, 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих, газрыг чөлөөлөх, аюулгүй болгох шаардлагатай болсон. Тухайн байрны оршин суугчдын асуудлыг нийслэлийн удирдлагад шилжүүлж, үүнд шаардлагатай 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн.