“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв. Тиймээс оршин суугчид хурдны зам хийх нэрийдлээр газар ухаж, байрыг нь доргиож, чичирхийлэл үүсгэхийн оронд “Содон стандарт” цогцолбор хорооллын гадна орших автомашины угаалга, хүнсний дэлгүүр зэргийн газрыг чөлөөлүүлэх саналтай байгаагаа дурдсан юм. Түүнчлэн тус хорооллыг стандарт шаардлагад нийцүүлэн бариагүйн улмаас иргэд хохирч, аюулд өртөх эрсдэлтэй байгааг хэлэв. Тодруулбал, “Содон стандарт” хороолол нь анх оршин суугчдаас захиалга авахдаа гадна талбайн өртгийг тусгаж төлбөр авчээ. Гэтэл уг хороолол байрлаж буй газарт хурдны зам барихаар 2012 онд “Монгол зам” компанийнхан төлөвлөгөө, зураг төслөө баталгаажуулсан байж. Гэсэн ч оронд нь “Содон стандарт” цогцолбор хороолол барьж, Улсын комисс хүлээж авсан байна. Тиймээс иргэд Улсын комиссынхныг хахууль авсан байх магадлалтай хэмээн үзэж буй гэнэ. Түүнчлэн дээрх байгууллагын буруутай үйлдлээс болж тус хороололд оршин суудаг 2845 айл, 10 гаруй мянган иргэний эрх зөрчигдөж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байгааг онцоллоо.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн