Хонконгод үргэлжилж буй жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан 36 орны 272 тамирчинтай хүч сорьж байна. Манай жүдочид эхний өдрийн барилдаанаас гурван алт, хоёр хүрэл медаль зүүв. Тухайлбал, Монголын тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 48 кг-д “Сүлд” спорт хороо, “Имперо” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү хагаллаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Ли Хи Кёнгийг үндсэн цагт цэвэр ялж, шагналын тавцанд зогслоо. Түүний амжилтыг буухиалж, 52 кг-д залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам БНСУ-ын тамирчин Жун Е Эринийг хожиж, хүрэл медаль хүртсэн юм. 57 кг-д Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-д нэг бус удаа таарсан, жингийнхээ хүчтэй өрсөлдөгч болох Хух Мимийг гурав дахиа буулган авч, Азийн аварга болжээ. Эрэгтэйчүүдээс 60 кг-д “Хангарьд” клу бийн тамирчин Б.Цогт-Очир хүрэл медалийн төлөө Казахстаны Нурканат Серикбаевийг нэмэлт цагт илүүрхэн, шагналын тавцанд зогсох болзол хангасан. 66 кг-д хүч үзсэн бөхчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр алтан медалийн төлөө Японы жүдоч Шинсэй Хатторийг буулган авч, тивийн аварга боллоо. Манайхны өрсөлдөх дараагийн тэмцээн Тажикистаны Душанбе хотод ирэх сарын 3-нд эхлэх “Их дуулга” юм.