Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд болон улс төр, бизнесийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Тайландын Хаант Улстай өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Монгол Улс Тайландад молибдений хүдэр /63 %/ жонш /6 %/, тээврийн хэрэгслийн зарим эд анги /4.6 %/, экспортолж, Тайландаас элсэн чихэр /47 %/, цагаан будаа, цаас болон картон /6.9 %/, хөнгөн тэрэг, ачааны тэрэг /7.0 %/ зэргийг импортолдог байна.
“Бумрунград” олон улсын эмнэлэг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 2014 онд 62,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын менежментийг шинэчлэх, үйлчилгээг олон улсын стандартад хүргэх, эмнэлгийн орчин үеийн техник, технологи нийлүүлэх, эмч мэргэжилтнийг давтан сургах үйл ажиллагааг эхлүүлжээ. 2016 оны байдлаар “Бумрунград” олон улсын эмнэлэг Монголд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
2016 оны 12 дугаар сард ТАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх “Тайланд, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2018 оны хөтөлбөр”-ийг тохиролцож, үүнд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр 7, эрүүл мэндийн чиглэлээр 5, аялал жуулчлалын чиглэлээр 2, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр 4 сургалт тус тус зохион байгуулахаар тусгаад байна.
1974 оны гуравдугаар сарын 5-нд хоёр улс анх дипломат харилцаа тогтоосон байна. Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны хоёрдугаар сард нээсэн, Тайландын тал манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсардаг байна.Тайландын Хаант Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Артают Срисамут 2022 оны 4-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.