Монголын үндэсний хоол, идээ ундааны улсын аварга тогооч шалгаруулах анхдугаар уралдааныг Орхон аймагт энэ сарын 19-20-нд зохион байгууллаа. Дайвар бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрхэн хэрэглэх, рестораны түвшний хоолыг гэрийн нөхцөлд хийх зэрэг мэдлэгийг уралдааныг сонирхогчдод олгожээ. Тогооч нар ур чадвараа төрөл бүрд сорьж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Тухайлбал, өглөөний цайны төрөлд тэргүүн байрыг Орхон аймгаас оролцогч Ж.Энхнадмид, 20-45 насны багийн төрөлд нэгдүгээр байрыг Хан-Уул дүүргийг төлөөлөн оролцсон Д.Жаргалбат, Б.Төгөлдөр, Э.Ажрахуй нар эзэлжээ. 45 наснаас дээших багийн төрөлд хоолныхоо амт, чанараар Орхон аймгийн З.Мягмарсүрэн, Т.Сарангэрэл, Ж.Энхнадмид нар тэргүүлсэн байна. Малын дайвар бүтээгдэхүүнийг ашиглах төрөлд Өвөрхангай аймгийн Б.Дашлхагва манлайлжээ. Орчин үеийн монгол хоолны төрөлд Архангай аймгаас оролцогч Б.Билгүүн өнгөлсөн бол сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд нэгдүгээр байрт Өвөрхангайн Б.Дашлхагва шалгарав. Үр тариа, жимс, жимсгэнийн төрөлд Орхон аймгийн Н.Болорчимэг манлайллаа.
Уг уралдаанаар дамжуулан монгол хоол, идээ ундааг бэлтгэх уламжлалт арга технологийг хойч үедээ өвлүүлэх, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэхийг зорьсон аж. Мөн олон угсаатны соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, үндэсний брэнд бий болгох, таниулах, салбарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго тавьсан гэнэ. Улсын аварга тогооч шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон хийдэг. Энэ жилийн хувьд үндэсний хоол, идээ ундаа боловсруулах гарамгай тогоочдыг анх удаа шалгаруулснаараа онцлогтой.
Оролцогчид дан ганц хоол хийх чадвараараа өрсөлдөх бус, спортын анхдугаар их наадмаа ч хийсэн юм.
Бэлтгэсэн: А.Дөлгөөн