УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн санал хураалт явагдлаа. Хуралд оролцож буй 40 гишүүний 23 нь дэмжсэн буюу 57.5 хувийн саналаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улмаар нэн яаралтай горимоор баталлаа.
Дээрх хуулийн төслийн хүрээнд гурван сан байна. Нэгд, Ирээдүй өв санд АМНАТ-ын 65 хувийг 2030 хуримтлуулж, бодлогын дагуу зарцуулна. Хоёрт, Хуримтлалын нэгдсэн сан байгуулна. Иргэн бүр өөрийн данстай, боловсрол эрүүл мэндийн чиглэлд зарцуулах боломжийг олгоно. Гуравт, хөгжлийн сан байгуулна. Бүс нутгийн хөгжлийн санг хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор тус санг байгуулахаар боллоо. 2023 оны татварын үзүүлэлтээр хараха тогтворжуулалтын санд 1.2 их наяд төгрөг бүрдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компаниуд ногдол ашгийнхаа 34 хувийг хуримтлуулна гэсэн үг. Тодруулбал, “Оюутолгой” ХК-ийн 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан эзэмшиж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 72 хувиас 34 хувийн ногдол ашгийг хуримтлуулна. Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 34 хувийн ногдол ашгийг хуримтлуулах аж.
Мөн өнөөдрийн хуралдаанаар:
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/ зэргийг хэлэлцэж байна.