Монголын үндэсний бөхийн холбооны алтан цомын төлөөх шигшээ найман багийн барилдаан өрнөж байна. Эхний барилдаанд Архангайн бөхчүүд Төв аймгийнхантай зодоглосон. Архангай аймгийнхан өрсөлдөгчөө 18:7-гоор илүүрхэж шөвгийн дөрвөн багт шалгарлаа. Архангай аймгийн багаас улсын харцага Б.Зоригтбаатар тав, улсын харцага С.Сүхбат дөрөв, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр, аймгийн арслан Д.Ням-Очир дөрөв, цэргийн заан Ө.Батсуурь хоёр давж, тавдугаар тойргоос сэлгээнд сууснаар түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва нэг, нийт 18 даваа авав. Багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ.
Хоёр дахь барилдаанд Өвөрхангай аймгийнхан Өмнөговийн бөхчүүдийг 14:11-ээр буулган авч шөвгийн дөрөвт үлдлээ. Эл багаас улсын гарди Ц.Бямба-Отгон гурав, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Лхагвадорж тус бүр гурав, аймгийн хурц арслан О.Наранбаатар нэг давав. Цэргийн арслан Б.Өлзийсайхан хоёр даваад, III тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ хоёр, багийн дүнгээр нийт 14 даваа авсан юм. Тэднийг улсын начин Д.Батбаяр дасгалжуулсан аж. Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болох гурав дахь барилдаанд Увс, Говьсүмбэр аймгийнхан учраа таарчээ.