Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламж гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд, хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлэв. Тэдэнд Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
“Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Ш.Энхийн-Од, “Хү” хамтлаг, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нарт хүртээсэн билээ.