Нийслэлийн хэмжээнд ирэх сарын 1-нээс “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах нь уг хөтөлбөрийн зорилго юм байна. Тодруулбал, хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг нь сайжруулах зорилгоор сурагчдын үдийн цайных нь үеэр сүү уулгахаар болсон аж. Уг хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19 300 сурагчийг хамруулах гэнэ. Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөжээ. Ингэхдээ нэг өдрийнх нь сүүний мөнгийг нийслэл, дараагийнхыг нь дүүрэг, гурав дахь өдрийнхийг нь эцэг, эхчүүд гаргах нь. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө гэж албаныхан хэлсэн. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлээс нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч