Монгол Улсад 2022 оны тавдугаар сард улс төрийн 12 нам анх жендерийн өөрийн үнэлгээг хийлгэж байж. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН намаас гадна парламентад суудалгүй есөн нам уг үнэлгээг хийлгүүлсэн аж. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн жил гарахаас өмнө дээрх үнэлгээг дахин хийхэд парламентад суудалтай гурван нам л хамрагджээ. Бусад намаас үнэлгээнд оролцох хүсэлт гаргаагүй гэнэ. Энэ удаа тэдгээр намын үнэлгээ зарим талаар дээшилсэн аж.
Ер нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын “Улс төрийн намын жендерийн өөрийн үнэлгээ”, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Оролцоонд суурилсан жендерийн аудит”, АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгийн “Эмэгтэйчүүдтэй хамт ялах нь буюу XXI зуунд тэгш оролцоотой намыг төлөвшүүлэх нь” гэсэн гурван төрлийн арга зүйг олон улсад түлхүү ашиглан дээрх үнэлгээг хийдэг аж. Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд судлаачид манай нөхцөлд тохирсон арга зүй боловсруулан намуудад хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид ахиц, дэвшил гаргах, эсэх нь өөрсдийнх нь идэвх, манлайллаас ихээхэн хамаарах нь.
Нөгөө талаас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар намын төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх ёстой. Эл заалтыг намууд ирэх долоодугаар сарын 1-нээс мөрдөх шаардлагатай бөгөөд өнөөдрийг хүртэл 25 хувийн квот үйлчилж ирсэн юм. Үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлангаа намууд Жендерийн үндэсний хороонд жил тутам хүргүүлэх үүрэгтэй.