Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөвдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийслэл, зургаан аймгийн 35 байгууллагын өсвөрийн 600 гаруй тамирчин оролцлоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат оролцож тамирчдад амжилт хүслээ. Харин тэмцээний хүндэт зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Өмнөговь аймгийн БТСГ-ын дарга, ОУХМ, улсын начин Т.Энхтуяа, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Гавьяат дасгалжуулагч олимпын зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар хүрэлцэн ирж оролцлоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймагтаа зохион байгуулснаар орон нутгийн хүүхэд залуус тухайн спортод өрсөлдөх чадварыг нээн илрүүлэх, чөлөөт бөхийн спортыг сурталчлан таниулах, уг спортоор хичээллэх, тив дэлхийд гарах хүсэл мөрөөдөлийг бий болгох, шилдэг тамирчид төрөн гарах зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг ИТХ-ын дарга Н.Энхбат хэлсэн үгэндээ онцоллоо.
Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй багийн дүнгээр нэгдүгээр байрт ОУХМ, Цэрэнбаатарын Ганзориг дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн шигшээ багийн тамирчид, хоёрдугаар байрт Спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Дархан эрхэт” шигшээ багийн тамирчид, гуравдугаар байрт спортын мастер Э.Алтанцоож дасгалжуулагчтай Төв аймгийн “Төв арж дэвжээ”-ний баг тамирчид тус тус шалгарлаа.
Харин эмэгтэй багийн дүнгээр нэгдүгээр байрт спортын мастер, Ц.Билэг-Өрнөх дасгалжуулагчтай Архангай аймгийн шигшээ багийн тамирчид, хоёрдугаар байрт Б.Мөнх дасгалжуулагчтай Завхан аймгийн шигшээ багийн тамирчид, гуравдугаар байрт спортын мастер Б.Жаргалсайхан дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн шигшээ багийн тамирчид эзэллээ.
Шилдэг дасгалжуулагчаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн дасгалжуулагч спортын мастер Э.Батмөнх, Дархан-Уул аймгийн “Дархан эрхэт” дэвжээний дасгалжуулагч спортын мастер У.Оюунбаяр нар тодорсон байна.