Монголын оюутны спортын VI наадмын нээлт Спортын төв ордонд өчигдөр болж, шигшээ тэмцээн сагсан бөмбөгийн төрлөөр эхэллээ. 1959 онд улс даяар олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ болсон нь оюутны спортын анхдугаар наадам байжээ. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх тус наадамд өмнөхөөс илүү олон баг оролцож буйгаараа онцлогтой аж. 34 их, дээд сургуулийн 2400 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх юм. Тухайлбал, V наадамд сагсан бөмбөгийн 16 баг оролцсон. Тэгвэл энэ жилийнхэд 29 баг оролцож буй. Тэмцээнд ур чадвараа сорьж буй залуусын олонх нь тив, дэлхийн болон олимпын наадамд оролцдог шилдэг тамирчин аж. Наадмын нээлтэд шилдэг тамирчин Т.Хангал (волейбол, МУИС), Э.Хүслэн (“Их засаг” волейбол), Ц.Санчир (МУИС, сагсан бөмбөг), Б.Хонгорзул (чөлөөт бөх, “Их засаг” их сургууль) нар Төрийн далбааг мандуулан, шилдэг тамирчин Г.Болор-Эрдэнэ(сагсан бөмбөг, ШУТИС) болон шүүгч З.Оюунбилэг (таеквондо) нар тангараг өргөв.
Наадамд өрсөлдөж буй их, дээд сургуулийн удирдлагууд шигшээ багаа сургуулийнхаа спортын зааланд бэлтгэл хийлгэж, хувцас, хэрэглэлээр хангажээ. Мөн тамирчдаа дэмжихийн зэрэгцээ хөрөнгө санхүү зарцуулан оролцуулж буй гэнэ.
Засгийн газрын тогтоолоор энэхүү наадмыг 2005 оноос эхлэн таван удаа зохион байгуулж ирсэн. Өмнө нь дөрвөн жилд нэг удаа болдог байсныг 2018 онд Засгийн газрын 183 дугаар тогтоолоор хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ удаагийн наадмыг Биеийн тамир, спортын улсын хороо, Олимп, нийтийн биеийн тамирын үндэсний хороо, спортын холбоодтой хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд багийн дүнгээр эхний зургаан байрт шалгарсан их, дээд сургуулийг энэ сарын 26-нд шалгаруулна.
Дээрх наадмын бэлгэдлээр зөвхөн Монголд амьдардаг мазаалай баавгайг сонгожээ. Энэ нь спортын наадмаар дамжуулан мазаалайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэхэд олны анхаарлыг хандуулах зорилготой юм.