Улсын хэмжээнд 4000 гаруй бүртгэлтэй эм бий. Нийт эмийн хэрэглээний 21 хувийг дотоод, 79 хувийг импортолж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад 2023 оны байдлаар 520, хүүхдийн зайлшгүй эмийн жагсаалтад 246 эм оржээ. Харин эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг гурван удаа гаргаж байсан. Үүнд, 2018 онд 638, 2020 онд 541, 2022 онд 590 эмийг оруулжээ. Дээрх эмийн төсөвт 2018 онд 37.7 тэрбум төгрөг төсвөөс тусгаж байсан бол 2024 онд 137.3 тэрбум төгрөг болж эрс өссөн.
Иргэдийн эмийн хэрэглээг хангахаар 2857 үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан ажиллаж байна. Үүнээс нийт 2857 эмийн сантайгаас орон нутагт 1123, нийслэлд 1754 бий. Энэ нь орон нутагт 1600 хүн тутамд нэг, нийслэлд 1000 хүн тутамд нэг эмийн сан ногддогыг харуулж байна.
2018 онд 63 улсаас 232 тэрбум төгрөгийн эм импортолж байсан бол 2023 онд 62 улсаас 468 тэрбум төгрөгийн эм импортолжээ. Эмийн импортын топ таван улс нь Словен, Герман, Солонгос, Орос, Энэтхэг улсууд юм. Эмийг импортлогч гол байгууллагууд нь Монос Фарм, Монгол эм импекс концерн, Ази фарм, Энто, Монфа трейдүүд юм байна. Эдгээ компани нь нийт эмийн импортын 80-90 хувийг эзэлдэг аж.