Улсын хэмжээнд хийсэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх хувь нь шүд цоорох өвчтэй байна. Ялангуяа цэцэрлэгийн насныхны дунд сүүн шүд цоорох тохиолдол их байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг хожуу угааж өгөх, дутуу цэвэрлэх, чихэрлэг зүйлсийг зохисгүй хэрэглүүлснээс шалтгаалдаг байна. 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 194 483 нь цоорох өвчтэй байжээ. Тэдний 76.9 хувь нь 0-5 насных гэнэ. Шүдэн дээрх өнгөрийн 70 хувь нь нян бактериас бүрддэг бөгөөд энэ нь шүд цоороход шууд нөлөөлдөг аж. Шүдийг өдөрт хамгийн багадаа 2-3 удаа угааж, завсар хоорондыг нь сайтар цэвэрлэн, өнгөрийг бүрэн арилгах хэрэгтэйг эмч нар зөвлөдөг. Шүдний өвчнийг анхаарахгүй даамжруулбал тулгуур эдийг үрэвсүүлдэг байна. Насанд хүрэгчдийн 64.4 хувь нь тулгуур эдийн хатангирших өвчтэй байгаа бөгөөд энэ нь нас ахих тусам нэмэгдэж буйг ЭМЯ-наас мэдээлэв. Ташрамд дуулгахад, 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн даатгуулагч эрт илрүүлэгт хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой юм.
Бэлтгэсэн Ч.Болор