Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ. Энэхүү сонсголд Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, ХЭҮК, Үндэсний аудитын газар,ЦХХХЯ, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, ШӨХТГ болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
11 хянан шалгах шинжээч ажиллах хугацаандаа 153 мянган цаасан нотлох баримт, 85 мянган цахим файлыг бүрдүүлж, баримтуудыг шинжлэн судлахаар бүрдүүлжээ. Гурван өдрийн хугацаанд 150 гаруй гэрч сонсголд оролцох юм. Сонсголын эхний өдөр долоон дэд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө. Үүнд, эмийн хүртээмж, үнэ чанар, эм зүйн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн асуудал, зайлшгүй эмийн жагсаалт, хөнгөлөлт, зайлшгүй эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн эсэх, төрийн байгууллагын эм хангамжийн байдалтай танилцана.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.