Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс УИХ-д суудалтай намуудтай хамтран бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой “Зөвлөн туслан менторшип” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тэд өмнө нь АН, МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран уулзалт зохион байгуулж, бүсгүйчүүдэд мэдлэг, мэдээлэл олгосон юм байна.
Улмаар парламентад суудалтай гурав дахь нам болох ХҮН-тэй өнгөрсөн долоо хоногт хамтран ажиллажээ. Тус намынхан 50:50 хүйсийн тэгш эрхийг хангах бодлого хэрэгжүүлж байгаа. Дээрх арга хэмжээний үеэр тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Л.Энхнасан, Ш.Энхтуул нар улс төр, сонгуулийн кампанит ажлын туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцжээ. Бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр ХҮН намынхан 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА-гийн “Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах” төслийн хүрээнд цуврал арга хэмжээ зохион байгуулж байсан аж.
Бэлтгэсэн С.Уул