Гадныханд газраа 100 жилээр ашиглуулахыг эсэргүүцсэн 100 000 иргэний цахим санал бодитой эсэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тагнуулын газраар шалгуулах хүсэлт хүргүүлжээ. Тус газраас шалгаад хакердсан зүйл байхгүй, иргэд өөрсдөө саналаа өгсөн байна гэсэн хариу өглөө. Тодорхой хэлбэл, 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 01/557 дугаартай албан бичгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлжээ.
Тус бичигт “Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийн өргөдөлд иргэдийн гарын үсэг цуглуулах хэсэгт “Үндэсний дата төв” УТҮГ-т байрлан ДАН танилт нэвтрэлтийн системийг ашигласан бөгөөд petition.parliament.mn өргөдлийг системээр дамжуулан 2024 оны нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 22-ны өдрийн мэдээллийг шүүж үзэхэд нийт 153 833 хандалт бүртгэгджээ. Үүнээс 100 11 иргэн “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” тухай өргөдөлд дэмжиж санал өгсөн нь бодитой байна. Мөн дээрх санал авах хугацаанд petition.parliament.mn системд хууль бус хандалт болон кибер халдлага үйлдэгдсэн эсэхийг шалгаж үзэхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна” гэсэн хариу өгсөн байна.