Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргын албаа оны өмнө өгсөн Д.Оюунхорол өдгөө тойрогтой болчих гээд намын удирдлагаа тойлж явна. 2000 оноос хойш УИХ-д дөрвөн удаа сонгогдож, байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаар хоёронтоо томилогдсон тэрбээр өөрөө л улс төрийн амьдралаа санагалзаад буйгаас бус, түүнийг хууль тогтоогч, сайдын хувиар хийсэн сайн зүйлийг нь үгүйлсэнгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аль алинд нь, дээд түвшинд нь хавсран ажилласан 16 жилийн хугацаанд “Д.Оюунхоролынх” гээд хаяглачих сайн эрх зүйн баримт бичиг, бодлого, шийдвэр, ажил үлдээгээгүй учраас тэр шүү дээ. Харин ч “итгэлийн зээл” зэрэг иргэдээ илт дорд үзсэн, “сонгуулийн авлига” гэхээр, саналыг нь шууд худалдан авах гэсэн хуулийн төслийг санаачилж, өргөн барьж байсан билээ. Өнгөрсөн сонгуулийн өмнө буюу 2019 онд өнөөгийн эрх баригчид Итгэлийн зээл олгох тухай УИХ-ын тогтоолын төслөөр “сурталчилгаа”-гаа эхлүүлсэн бөгөөд иргэдэд 20 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлдүүлнэ гэж “тархийг нь угаах”-ыг завдсан юм. Мөн тэрбээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг санаачлан батлуулснаар бид 2020 оноос эхлэн Бурхан багшийн их дүйчин өдрийг билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэн нийтээрээ амардаг болсон билээ.
Д.Оюунхоролтой холбоотой саар мэдээлэл цөөнгүй. Тухайлбал, 2022 онд түүнийг яллагдагчаар татсан байдаг. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгж, дүү нартаа давуу байдал бий болгосон үндэслэлээр цагдаагийн байгууллагынхан түүнийг анх шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-т хэргийг нь шилжүүлсэн юм. Ингэхдээ гурван ч үндэслэл бүхий баримтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм билээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Нүхтийн аманд төрсөн дүү Д.Баттулгынхаа нэр дээр 0.9 га газрыг зуслангийн зориулалтаар авсан хэмээн мэдээлж байв. Улмаар тус газарт хотхон барьсан талаар эх сурвалжууд тэмдэглэж байж. Мөн төрсөн дүү Д.Дамдинсүрэндээ 2015 оны долоодугаар сард Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар олгож, тэнд нь амины орон сууц барьсан нь холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн буруутгажээ. Үүнээс гадна “Отгонтэнгэр групп” ХХК-ийн “Тоскана интернэйшнл гарден” гэх хотхоны бүтээн байгуулалттай холбогдуулан шалгаж байсан тухай мэдээлэл ч бий. Эдгээрээс ч өмнө Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, “Гранд повер” гэх, өөрийн үйлдвэргүй компанид давуу байдал олгосон гэгдэн шалгуулж, АТГ-аас яллагдагчаар татах саналыг эрх бүхий байгууллагад нь хүргүүлж байсан талаарх мэдээлэл бий. Энэ хэрэг явдал хэрхэн өрнөсөн тухай тодорхой мэдээлэл олдсонгүй. Тэрбээр яллагдагчаар татагдсан гэх яриаг өнгөрсөн сонгуулийн үеэр үгүйсгэж байснаас өөрөөр тайлбар хэлсэнгүй. Ташрамд дурдахад, Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээллээс харвал улсын тусгай хамгаалалттай газарт хамгийн их газрыг 2016 онд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол ажиллаж байх үед олгожээ.
Цаашлаад “Отгонтэнгэр” их сургуулийг үүсгэн байгуулагч Д.Оюунхорол УИХ-ын гишүүн байхдаа дээд боловсролтой холбоотой хууль тогтоомжийн төсөл хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэн байнгын хороодын болон нэгдсэн хуралдаан, санал хураалтад оролцохоос татгалзаж байгаагүй. Уг нь УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн гишүүн энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж, санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзах боломжтой. Ийм зохицуулалт УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд бий. Үүнийг хуульчлан заагаагүй байсан ч ёс зүйг баримталдаг хүний хувьд хуралдаан, санал хураалтаас татгалзах нь төвөгтэй биш шүү дээ. Мөн түүнийг сайдаар ажиллаж байхдаа гадаадынхнаар шонхор бариулахын тулд хууль бус тогтоол баталсан гэх зэргээр буруутгаж, мэргэжлийн холбоод, салбарынхны зүгээс эсэргүүцэн олон нийтэд хандсан удаатай.
Ямартай ч 2020 оны ээлжит сонгуулиар нэр дэвшилгүй өнжсөн тэрбээр энэ удаад эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжихэд чиглэсэн хуулийн шаардлага, квотыг ашиглан өрсөлдөхөөр зориглосон байхыг үгүйсгэхгүй. Хувийн эрх ашгаа төрийнхөөс түрүүнд тавьдаг түүнийг дахин сонгож, дөрвөн жил эрхлүүлэх “өр” сонгогчдод үгүй юм. Үүний оронд шинэ, чадварлаг, манлайлагч бүсгүйчүүдэд боломж олгох учиртай. Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар сонгогдсон эмэгтэй гишүүд бүгдээрээ сайн ажилласан бол өдгөө тэдний өмнө тулгамдаж буй олон асуудал тэр хэрээр шийдэгдэх байсан биз.