Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурве-г 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
Дэд сайд Г.Амартүвшин “Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, амжилттай хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах”-ыг хүслээ.
Элчин сайд А.М.Готсурве “Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах”-аа илэрхийлэв.