“Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх”, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбар 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан” тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чуулганы үеэр мэдээллээ. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Үүнд:
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төсөл хэрэгжүүлж байна.
- АХБ-тай хамтран 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц-ын багтаамжтай цэнэг хураагуурын системийг сүлжээнд залган 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үед хувь нэмэр оруулсан.
- Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулав.
- АХБ-ны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц, 3.6 МВт-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг 2023 онд, Алтай суманд 300 кВт-ын нарны цахилгаан станц, хуримтлуурын системийг 2022 онд ашиглалтад оруулсан. Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтыг ирэх сард багтаан ашиглалтад оруулна. Түүнчлэн АХБ, Стратеги, уур амьсгалын сангийн 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэх төсөл”-ийн хүрээнд Ховд, Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай аймагт 5 байршилд 10 000 м2 талбайд 0.5 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын систем суурилуулжээ.
Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, хөрөнгө оруулагчдыг татахаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахаар нар, салхи, усны эх үүсвэрүүдийн тарифыг ам.доллароор тогтоосон. Тухайн үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн өртөг өндөр байсан бол Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталснаар ЭХЗХ-ноос 2008-2018 онд 39 хуулийн этгээдэд 1352.4 МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга барих тусгай зөвшөөрөл олгосон аж.
Улсын хэмжээнд одоогоор 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай салхины 3 цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбоод байгаа аж. Манай улсын эрчим хүчний систем нь дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг. Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станцын хувьд 2013-2022 онд 0.2-10 хувиар системийн оргил ачаалалд оролцсон аж.
Хувийн хэвшлийн нар салхины эх үүсвэрүүд 2023 оны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа ч 2023 оны тайлан тэнцлээр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлэж, салбарын цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын 22.3 хувийг авсан байна. Эдгээр нарны цахилгаан станцаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600 төгрөгөөр, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр худалдан авч байгаа нь дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэлийн дундаж тариф 113 төгрөгөөс 3-5 дахин их аж.
Мөн, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр болсон. Хуульд нэмэлт, өөрчлөлт орохын өмнө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж шинээр барих тусгай зөвшөөрөл авсан, одоо хүчин төгөлдөр байгаа 202 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 2 салхин цахилгаан станц, 110 МВт-ын нийлбэр хүчин чадалтай 4 нарны цахилгаан станц, нийт 312 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих аж ахуйн нэгжүүд байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд хандсан нийт 330 МВт-ын нийлбэр чадал бүхий 9-н аж ахуйн нэгж бий. Эдгээр эх үүсвэр нь ашиглалтад орсноор эрчим хүчний салбар дотоодын горим тохируулгын эх үүсвэрийн дутагдлаас шалтгаалж цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийг тохируулж чадахгүй. Эдгээр төслүүдийн батлагдсан тариф 8.5-16 цент байгаа нь салбарын хувьд санхүүгийн дарамт бий болгоно. Эдгээр нар, салхины эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хувьд тарифыг нарны станцын хувьд 10 цент, салхин станцын хувьд 8.5 цент болгон бууруулж, энэ тарифт батарей хуримтлуурын системийг нарны станцын суурилагдсан чадлын 20 хувьтай тэнцэх, салхин станцын хувьд суурилагдсан чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах боломжтой хуримтлуурыг нэмж суурилуулж станцын тогтвортой цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломж бүрдүүлэх шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд дэмжих боломжтой. Учир нь эдгээр төсөл хэрэгжсэнээр өрсөлдөөнт сонгон шалгаруулт зохион байгуулж бага үнээр хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслийн зах зээл, техникийн орон зайг хааж байгаа тул ийм шаардлага тавьж байна” хэмээн дурдлаа.
Дэлхийн банк, ОУСК-тай хамтран салхин станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын зарчмаар хэрэгжүүлэх боломжтой. Цаашид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байна. Горим тохируулгын эх үүсвэртэй байх нь өдөр, шөнийн хэрэглээний горимыг зохицуулж, эдийн засгийн үр ашгийг нэмэх төдийгүй сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж бүрдүүлэх аж. Олон улсад горим тохируулгын эх үүсвэр нь хийн болон усан цахилгаан станцууд байгаа ба манай улсад энэ чиглэлээр бага, дунд чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станцтай болох, тохируулгын үүрэг бүхий хийн цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуурын системийг шинээр барих зайлшгүй шаардлага үүссэн. Иймээс горим тохируулгын буюу техникийн боломжийг бүрдүүлэхээр Дэлхий банктай хамтран эрчим хүчний системд 200 МВт-ын хүчин чадалтай, 800 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын системийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт 100 МВт-ын усан цахилгаан станц”, дотоодын урсац бүхий “30 МВт-ын Байдрагийн усан цахилгаан станц” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж АХБ, Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж буй.