Бага тойргийн гэгдэх Шилэн дэлгүүрийг нурааж байна. Уг барилгыг нураах ажил өнгөрсөн лхагва гаргаас эхэлжээ. Нийслэлийн ХХ зууны түүхийн гэрчүүдийн нэг байсан эл барилгыг нурааж, оронд нь олон давхар орон сууц барихаар болсныг ойр орчимд нь оршин суудаг хүмүүс хэлж байлаа. Улаанбаатар хот 1945-1990 оны хооронд одоогийн дүр төрхөө олсон гэж үздэг. Тэгвэл энэхүү барилгыг нураахтай холбогдуулан иргэд сэтгэгдлээ илэрхийлээд эхэлжээ.
Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэг “Бага насны дурсамж хадгалсан дэлгүүр. Босгыг нь мөн ч их элээсэндээ. Нэг төгрөгөөр хатсан алим, үзэм, ундаа зэргийг авдаг байлаа. Нураахыг нь мэдсэн бол ганц зураг ч болтугай даруулах байж” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байв. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Цэнджав “Нэгдсэн үндэстний гудамжны түүх ерөнхийдөө төгсөж байна. Куба элчингийн гэгдэх хоёр давхар барилгыг нураагаад, буурин дээр нь “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-ын захиалгаар 13 давхар орон сууц бариулахаар нийслэлээс зөвшөөрөл авчээ. Ингээд дахин төлөвлөлтөд орох нь аль эрт тодорхой болсон хоёр, гурван орон сууцыг эс тооцвол зөвхөн Германы Элчин сайдын яамны барилга л Нэгдсэн үндэстний гудамж, цаашлаад Монгол Улсын нийслэлийн ХХ зууны түүхэн дүр төрхийг хадгалан үлдэх нь” гэж цахим хуудсандаа бичсэн байв.
Үүнээс гадна иргэд ч “Орчин цагт шилэн гэхэд ичгэвтэр хэдий ч тухайн цаг үедээ үнэхээр л шинэлэг шийдэл байсан”, “1990-ээд оны сүүлээр ч шилэн цонхтой, цэвэрхэн, гоё дэлгүүр байсан. Гэтэл оронд нь олон давхар орон сууц барих гэж буй нь маш харамсалтай” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн. Шилэн дэлгүүр, МУИС-ийнIII байр зэрэг түүх, соёлын дурсгалт газруудаа дахин төлөвлөлт, нийслэлийн өнгө, төрх, стандарт шаардлагад нийцэхгүй гэх хэдэн үгсээр халхалж ийнхүү нураасаар л байна. Улаанбаатар түүхийн дурсгалт газрууд бус, олон давхар, нэг нэгнээ нарнаас халхалсан орон сууц, барилгуудаар дүүрч, үр хойчдоо өвлүүлэн үлдээх соёлын өв гэх зүйлс зөвхөн дурсамжид л үлдэх нь бололтой.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн