Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар нэгэн шинэ эмчилгээг амжилттай нэвтрүүлжээ. Энэ нь тохойн үе солих мэс засал аж. Зам, тээврийн осолд өртөж, гараа гэмтээсэн өвчтөнд уг мэс заслыг амжилттай хийсэн байна. Тохойд хиймэл үе бүхий имплант суулгаснаар өвчтөний гарын хөдөлгөөн бүрэн сэргэж, амьдралын чанар нь сайжирдаг аж. Үйлчлүүлэгчийн биеийн байдал өдгөө сайн байгаа бөгөөд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй гэнэ. Мэс заслын багийн бүрэлдэхүүнд Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан байна.
Ташрамд дурдахад, ГССҮТ-ийнхөн он гарснаас хойш гурав дахь эмчилгээгээ нэвтрүүлсэн нь энэ. Үүнээс өмнө тэд шөрмөс шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх мэс заслыг нэвтрүүлсэн. Мөн шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нутагшуулсан юм.
Бэлтгэсэн: М.Оч