Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.
Түүнчлэн, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.