Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Уур амьсгалын өөрчлөлтөөс бэлчээрийн мал аж ахуй хүнд байдалд орсон. Ган гачиг 2-3 жил давтамжтай боллоо. Энэ мэт асуудлаар Засгийн газрын зүгээс хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр УИХ-д өргөн барина. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, тогтвортой эх үүсвэртэй болох, малын чанарт анхаарах асуудлыг хөндсөн. Хууль батлагдсаны дараа тусгайлсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мал аж ахуй, газар тариалангийн хувьд зээлийн төлөлттэй холбоотой асуудал хөндөгддөг. Тиймээс Зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг өмнө нь гаргасан. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна. Харин хуримтлагдсан хүүгийн төлбөрийн асуудлыг 25-30 хувийг малчид өөрсдөө, үлдсэнийг нь Засгийн газар ирэх оны төсөвт суулгахаар тогтоол гарсан. Мөн зуданд малаа 70-аас дээш хувь алдсан малчдад ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөнөөс 5-8 сая төгрөгийг хүүгүй байдлаар олгоно. Түүнчлэн уламжлалт мал аж ахуйг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм” хэмээн онцоллоо.