Сэлбэ гол үерлэж, их хэмжээний хохирол учруулсаар байхад албаныхан дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар “Сэлбэ 200” сууц өмчлөгчдийн холбооныхон өчигдөр мэдээлэв. “Сэлбэ гол үерлэхэд СӨХ-ныхон чадлынхаа хэрээр арга хэмжээ авч байгаа. Үерээс үүдэлтэйгээр дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Үүнд дулааны шугам сүлжээ, орон сууцын хана, таазад гарсан эвдрэл гэмтэл хамаарна. Сэлбэ гол үерлэснээс ойр орчимд нь байрлах орон сууцад хохирол учирч байгаа тул арга хэмжээ авахыг албаныхнаас хүсэхэд юу ч хийгээгүй. Далан барина гэж олон жил ярилаа. Энэ ажил нь юу болж байна вэ гэхээр зураг төсөл гаргаад, тендер зарлаж байгаа л гэдэг. Сэлбэ голын урсцыг сайжруулах шаардлагатай байна. “S’outlet”-ийн агуулахыг нь нураасан. Харин дэлгүүр нь хэвээрээ үлдсэн. Үүнийг нурааж байгаа гэж дарга нар ярьсан. Гэтэл тэд үнэндээ юу ч хийгээгүй. Голын даланг хурдан бариад өгөөч гэсэн хүсэлтийг олон жил холбогдох газруудад өглөө. Гэвч юу ч хийхгүй, харин “Ус зөөх хувин, гутал хувцсаа бэлдэж, элс хайрга шуудайлаарай, автомашины зогсоолоос өөрсдийнхөө өмчийг гаргаарай” зэрэг мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас СӨХ-д байнга ирүүлдэг” гэж тэд хэллээ.
Бэлтгэсэн А.Үүлэн