Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” NAP төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг төрийн албан хаагч, иргэд, малчдад хийв. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны төвтэй хамтран баруун бүсийн 5 аймгийн 100 гаруй малчид, иргэд, төрийн байгууллагын албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Сургалтын үр дүнд нутгийн иргэдэд түшиглэсэн баруун бүсийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг сайжруулах арга хэмжээнүүдийг төгөлдөржүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөр олон нийт тэр дундаа төрийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, мэдээлэл нэмэгдүүлэн ажиллаа.
Мөн бэлчээрийн менежментийг нэвтрүүлж, малын тоо толгойг зохистой түвшинд байлгах, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах төсөл Төв аймгийн Өндөрширээт, Архангай аймгийн Ихтамир, Баянхонгор аймгийн Богд суманд 2012 оноос эхлэн хэрэгжиж байна. Төсөлд хамрагдсан гурван суманд бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлж, малын тоо толгойг зохистой түвшинд байлгаснаар 580 мянган га бэлчээрт жилд 180 мянган тонн CO2 (нүүрсхүчлийн хийг) агаараас хөрсөнд шингээн хуримтлуулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоог гаргасан.
Төслийн явцад малчид малын тоо толгойг жил тутам 1-5 хувиар бууруулж, бэлчээрийн даацыг 50 хувиас хэтрүүлэхгүй бэлчээрийг зохион байгуулалттай ашиглан, нийт 78 500 га бэлчээрийг сайжруулан ургамлын нөмрөгийг нэмэгдүүлэх замаар бэлчээрт хуримтлагдах нүүрстөрөгчийг шингээлтийг нэмэгдүүлж байна. Ингэснээр малчид нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлд оролцох боломж нээгдэн өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.