Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байлаа. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.
Түүнчлэн талууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг харгалзан хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ. Хоёр тал 2014 оноос хойш ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болж, энэ нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдог билээ.