Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 1-7-нд нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгийн 47 сумд аюулт үзэгдэл, ослын 124 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 23-аар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, энэ хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл нэг, геологийнх 24, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, гал түймэр 82 удаа бүртгэгдсэн байна. Ахуйн хүрээний болон ой, хээрийн түймэр өмнөх долоо хоногийнхоос 31-ээр нэмэгдсэн бол шар усны үерээс үүдэлтэй аюулт үзэгдэл хоёроор өсжээ.
Эдгээрийн улмаас долоо хоногийн хугацаанд 13 хүн нас барж, гурван иргэн гэмтжээ. Золгүй байдлаар амиа алдсан иргэдийн нэг нь хүүхэд байсан аж. Онцгой байдлын албаныхан аюулт үзэгдэл, ослоос 18 хүний амийг аварчээ.