УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүн Д.Ганбат, парламентын дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв. Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагын дөрвөн алба хаагч 13 настай хүүхэд хүчиндсэн жигшүүрт хэрэгтэй холбогдуулан АН-ын бүлгээс Д.Ганбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байна. Ард түмнээ хамгаалах учиртай алба хаагчид нь өөрсдөө гэмт хэрэг үйлдсэн энэ хэрэгт хариуцлага тооцох асуудлаар дээрх ажлын хэсэг судлах аж. Мөн дахин ийм жигшүүрт хэрэг төрийн, тэр тусмаа цагдаагийн албанд гаргахгүй байхын төлөө ажиллахаа мэдэгдэв. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Охины гэр бүл цагдаагийн байгууллагаас тусламж хүсэж хандсан юм билээ. Гэтэл туслахын оронд өөрт байгаа мэдээллээ ашиглаж, бусдыгаа дуудаад ийм аймшигтай хэрэг үйлдсэн. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг ямар шалгуураар ажилд авдаг, тэдэнд хүний эрхийг хамгаалахтай холбоотой сургалт ер нь ордог уу гэдгийг ажлын хэсэг авч үзнэ. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга нь “Нэг алба хаагчийг баривчилсан, бусдыг нь хорьж шалгах шаардлагагүй” гэж хээвнэг ярьсан байна. Гэмт хэргээс хамгаалах учиртай алба хаагчид нь өөрсдөө үүнийг үйлдээд эхлэхээр бид хэнд итгэх вэ. Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт маш өндөр хариуцлага тооцдог байх ёстой” гэсэн юм.
Жигшүүрт хэрэг үйлдсэн хүмүүсийн царай зүсийг нийтэд ил зарлахыг тэд мөн шаардав. Д.Ганбат гишүүн “Энэ бүхэнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Тиймээс яаралтай ард түмнээсээ уучлалт гуйгаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв” гэв.
Бэлтгэсэн С.Уул