“Бүх нийтийн цэвэрлэгээндээ оролцоорой” гэж өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарын хаа сайгүй цагаан хоолойгоор зарлаж, иргэдийг цэвэрлэгээнд оролцохыг шаардсан нь социализмын үеийг санагдуулах шиг. Халтар хотоо угаана гэж нийслэлийн удирдлага бөөн сүр болсон нь тэр л дээ. Уг ажлаа “Хаврын их цэвэрлэгээ” хэмээн нэрлээд буй юм. Мэдээж хотоо угаах нь зүйн хэрэг ээ. Угаахгүй л бол Улаанбаатар бөөн тоос, шороонд дарагдаад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хэдийн алдагдчихаад байгаа билээ. Гэхдээ хотоо угаахыг бүх нийтийн ажил хэрэг болгож, хүн болгоныг татан оролцуулахыг санаархаж, социализмын үеийн субботникийн түвшинд аваачмааргүй байна.
Хотоо үргэлж цэвэрхэн байлгах нь холбогдох байгууллагынхны тогтмол хийх ёстой ажил болохоос бус, иргэдийн хүлээх үүрэг биш. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Цаашид хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 метр талбайгаа цэвэрлэн, сууц өмчлөгчдийн холбоодыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ. Дарга нар бүр давраад, долоо хоног бүр иргэдийг цэвэрлэгээнд дайчилна гэсэн үг. Эл үйлдлээ “Иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой” хэмээх үгээр халхавчилжээ.
Уг нь иргэд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчинтой хотод амьдрах гэж бүх төрлийн орлогоосоо төрд татвар төлдөг. Тэр битгий хэл сар бүр хогны мөнгийг ч албан журмаар хураалгаж байна. Бас хотын татвар ч төлж буй. Орон сууцын айлууд нэмээд сууц өмчлөгчдийн холбоондоо ч мөнгө өгч байгаа. Гэтэл төлсөн татварынх нь хариуд үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллагынхан нь иргэдийг гарч ирж цэвэрлэгээ хийхийг шаардаад байгаа нь хачирхалтай. Угтаа иргэдийн төлсөн мөнгөөр цэвэрлэгээний компани хөлслөөд юм уу, эсвэл тохижилтын ажилчдаа олигтойхон цалинжуулаад ажиллуулах хэмжээний менежмент хийх нь хотын удирдлагуудын үүрэг. Ийм хэмжээний ажил ч гүйцэтгэж чадахгүй иргэдээ “зарах” гээд байгаа дарга нар зайгаа тавьж өгнө үү. Чаддаг хүнд нь энэ ажлыг хариуцуулна уу.
Бэлтгэсэн: М.Оч