Улаанбаатар хотоос 556 километрийн зайд орших Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар сургуулийн 46 сурагч, гурван багш Улаанбаатар хотыг зорин иржээ. Тэд МУИС, ШУТИС, Хүүхдийн төв номын сан болон Үндэсний номын сан зэрэг газартай танилцаж, дурсамжаа баяжуулахаар нийслэлд ирсэн гэнэ.
Тэд ирж, буцахад хоёр, Улаанбаатар хоттой танилцахад нэг хоног зарцуулж, нийт гурван өдрийн хугацаатай аялсан юм. Шахуу цагийн хуваарьтай ч хүссэн зүйлсээ бүгдийг нь үзэж амжсан гэв. Ирсэн өдрөө тэд “Шангри-Ла”-гийн IMAX кинотеатрт “Кунфу панда” үзэж, анги хамт олноороо нэгэн оройг тун ч жаргалтай өнгөрүүлсэн тухай сурагч А.Уянга өгүүлэв. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр МУИС-д суралцах хүсэлтэй гэнэ. Түүн шиг МУИС, ШУТИС зэрэг их, дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхэд цөөнгүй аж. Гэтэл орон нутгийн хүүхдүүд хүссэн их, дээд сургуулиа ирээд үзэх боломж тун ховор учир ихэвчлэн зурагт, цахим орчин зэргээс л мэдээлэл авдаг гэв. Тиймээс тэдэнд суралцахаар зэхэж буй сургуулиа нүдээрээ харж, орчин нөхцөлийг судлаад явах нь тун хэрэгтэй. МУИС-ийн номын сан, ШУТИС-ийн музей, лаборатори, туршилт явуулдаг ангиуд зэрэг нь оюутны амьдралд дөнгөж хөл тавих гэж буй тэдэнд их л сонирхолтой санагдсан аж.
Тэд маргааш орой нь “Орфей” театрын “1984” жүжгийг үзсэн нь энэ аяллын оргил үе байжээ. Жүжиг дуусмагц гол дүрийн жүжигчид, найруулагч, продюсертой уулзаж, сонирхсон зүйлээ асуусны дараа дурсгалын зураг татуулцгаасан байна. Энэ талаар ангийн багш М.Түвшинзаяа “Ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй нэг бүрчлэн уулзаж, зөвшөөрөл аваад, сурагчдаа дагуулан Улаанбаатар хотод ирсэн. Тэднийг ирээдүйд суралцах сургууль, хот газартай танилцуулах нь бидний зорилго. Мөн“1984” пост драмын жүжгийг өсвөр насныхан заавал үзэх хэрэгтэй гэж боддог. Нийгэм ямар байгааг, хэрхэн аж төрөх талаар сурагчдадаа ойлголт өгөхийг хүссэн” гэлээ. Тус жүжгийг үзсэн сурагчдын сэтгэгдэл өндөр байв. Зарим нь “Уинстон Смит бууж өгсөн, өөрийнхөө төлөө тэмцээгүй” гэхэд нэг хэсэг нь “Уинстон Смитэд өөр сонголт үлдээгүй” зэргээр өөр өөрсдийн өнцгөөс бяцхан мэтгэлцээн ч үүсгээд амжжээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар сургууль сурагчдыг идэвхжүүлэх хөтөлбөр тогтмол зохион байгуулдгийг арванхоёрдугаар ангийн сурагч А.Анужин онцоллоо. Тэд аравдугаар ангидаа “Төлчин сурагч” аянд хамрагдаж, мал төллөх үед малчдад тусалж байсан. Мөн арваннэгдүгээр ангидаа “Сурагч цэрэг” аянд хамрагдсан гэнэ. Өдгөө арванхоёрдугаар ангидаа Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн аялалд хамрагдсанаар тэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй юм байна. Сурагчид энэ аялалд тун ам сайтай байх аж. Бүгд л “Төгсөх ангидаа хамт олноороо аялалд явна гэдэг мартагдахын аргагүй дурсамж шүү дээ” гэлцэв. Сурагчид багш нартаа талархсанаа илэрхийлснээр тэдний Баруун-Урт сумаас Улаанбаатар хотыг зорьсон аялал өндөрлөлөө.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн