УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар Ерөнхий сайдын мэдээллийн хүрээнд хэлэлцэв. Зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд УИХ-ын цөөнхийн бүлгийнхэн асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Байгалийн ухааны боловсролын суурь үзүүлэлт маш муудсаныг энэ үнэлгээ харуулж байна. Үнэлгээнд хамруулсан 7000 гаруй хүүхдийн 50 хувь нь математикаар муу үнэлгээ авсан нь есдүгээр ангийнхны сурлага доогуур буюу дөрвөн аргын тоогоо нэмж, хасах чадваргүй байна гэсэн үг. Мөн монгол хүүхдүүд эх хэлээрээ уншиж чадахгүйд хүрсэн нь ямар учиртай вэ” гээд боловсролын тогтолцоонд бодлогын цогц арга хэмжээ авахыг шаардсан юм.
Түүнчлэн гишүүн Ж.Батсуурь “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан төсөв, тендерийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэл дандаа чанаргүй, хойшилсон, өртөг нь нэмэгдэж байгааг анхааралдаа авах ёстой” гэхэд сайд Л.Энх-Амгалан “Эл үнэлгээнд оролцсон хүүхдүүд сургуульд элсэхээсээ авхуулаад суурь боловсролын цөм хөтөлбөрт хамрагдсан. Уг хөтөлбөрийг 10 гаруй удаа шинэчлэхдээ санхүүжилт, боловсон хүчний нөөц зэргийг нь тооцож төлөвлөөгүй, хуумгай хандаж иржээ. Улмаар сургалтын хөтөлбөрийн агуулга, ачаалал хүндэдсэн тул анги ахих тусам хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэл суларсан. Найман настай хүүхдэд зааж байсан хичээлүүдийг зургаан настнуудаар судлуулж байна. Уран зохиол, унших бичгийн хичээлийг хассантай ч холбоотой.
Манайх “тендерийн яам” байхаа больж, холбогдох газруудад нь хариуцуулдаг болсон. Тендерийн чанар, гүйцэтгэлийн хувьд санал нэг байна. Цөм хөтөлбөрийн агуулга хэт академик байснаас хүүхдүүдийг залхаасан байж болзошгүй. Боловсролын чанараар хот, хөдөөд ялгаа ихтэй ч хувийн болон төрийн статустай сургуулиудын хувьд онц ялгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өндөр төлбөртэй сургуулиуд төрийнхөөс сурлагын чанараар илүүрхэж чадахгүй байгаа нь “Хамгийн сайн нь гэрт ойрхон сургууль” гэсэн бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ер нь боловсролын салбарын санхүүжилт, сургалтын өртгийг нарийвчлан тооцож, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж байж чанарын ялгааг арилгах боломжтой” хэмээн хариуллаа.
Бэлтгэсэн: Б.Уран