Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдөр өчигдөр тохиов. Ичигсэд хөдөлж, амьд бие сэргэдэг хэмээн үздэг эл өдөр хаваршилт, хий хөдөлдөг цаг аж. Хаврын улиралд ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой талаар “Сумади” уламжлалт эмнэлгийн их эмч Р.Цолмонгийн зөвлөгөөг хүргэж байна.
•Хаврын улиралд борцтой, хярамцагтай шөл, хийцтэй цай, бурамтай ус, хураасан өрөм, тос зэрэг шимтэй хоолыг зургаадугаар сар гартал идэхэд зохистой. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл цөс, нойр булчирхай, ходоод өвтгөх эрсдэлтэй байдаг.
•Хаврын улиралд ходоод угаах эмчилгээ гэж бий. Ходоод бол бадган гэдэг махбодын оршдог гол “орон”. Бөөлжүүлж ходоодыг цэвэрлэнэ. Тэгж цэвэрлэж чадвал бие махбод сэргэдэг. Хоол, хүнс хялбар шингэдэг болно. Бадган амархан арилна. Мөн өвөлжин махан хоол идсэн, ханиадны олон төрлийн эм уусан, агаарын бохирдол ихтэй газар байсан бол хийлгэх ёстой эмчилгээний нэг. Гэхдээ мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсны дараа ходоод угаах, эсэхийг шийднэ.
• Хүйтэн зүйлийг хориглоно. Буцалсан, халуун бүлээн ус, хярам уувал зохимжтой. Шөлтэй хоол түлхүү хэрэглэвэл биед дэмтэй. Бадган хөдөлгөх хүнс гэвэл амтлаг зүйлс байна. Хүйтэн юм уухад хөдөлдөг. Мөн өөх тостой хүнс тохиромжгүй. Жимс, ногоо хэтрүүлэн идэх сайн биш.