“Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг ЭМЯ-ныхан өчигдрөөс өрнүүлж эхэллээ. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн 200 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Тэднээр дамжуулан хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйг дэмжих, зохистой хооллолт, шүдээ хэрхэн зөв арчлахтай холбоотой мэдээллийг өгөх нь аяны гол зорилго юм байна. Уг аяныг ЭМЯ, НЭМҮТ, БШУЯ хамтран хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд цоорох өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Тиймээс шүдээ арчлах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь чухлыг сурагчдад ойлгуулахыг зорьжээ. Энэ төрлийн өвчин ихсэж буйн шалтгаан нь хүүхдүүд шүдээ зөв арчлах дадалд суралцаагүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй зэрэг юм байна. “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 0-17 насны хүүхдүүдийг хамруулжээ. Ингэхэд гурван хүүхэд тутмын хоёрынх нь нэгээс дээш шүд нь өвчилсөн байжээ. Архангай аймгийн 0-5 насны хүүхдүүдийн 47 хувийнх нь шүд цоорсон байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт. Завхан аймгийн 6-17 насны хүүхдүүдийн 74 хувь нь шүдний өвчтэй. Төв аймагт хүүхдүүдийн 40 хувийнх нь шүд цоорсон нь хамгийн доод үзүүлэлт байжээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн