Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар перинатологийн төв барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Улсын хэмжээнд төрж буй эмэгтэйчүүдийн 30 хувь нь тус эмнэлэгт амарждаг байна. Тиймээс Засгийн газраас ЭХЭМҮТ-ийн барилгыг засаж шинэчлэн, өргөтгөж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ. Үүний хүрээнд тус төвийн Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийг өргөтгөн перинатологийн төв болгожээ. Ийнхүү эх, ургийн төвтэй болсноор жирэмслэлттэй холбоотой амбулаторийн үзлэгүүд нэг дор төвлөрөх гэнэ. Перинатологи нь эх барих, ураг, нярайн эмгэг, генетик, мэс засал, хүүхдийн кардиологи зэрэг тусламж үзүүлэхтэй холбоотой олон асуудлыг шийддэг анагаах ухааны салбар аж. Сүүлийн үед гений удамшил, үүдэл эсийн эмчилгээ, оношилгоо, мэс заслын зорилгоор ургийн нээлттэй мэс засал хийх боломж гэх мэт асуудлыг дэлхийн перинатологийн салбарт эрчимтэй судалж байна.
Бэлтгэсэн Ч.Туяа