УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид энэ долоо хоногт багтан хандивын тайлангаа Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлж, дүгнэлт гаргуулах нь. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан тэд эл тайлангаа явуулах хуультай юм. Өнгөрсөн долоо хоногт 27 нам, хоёр эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дээрх байгууллагад өгсөн билээ. Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бие даагчдад мөрийн хөтөлбөрөө боловсруулахад нам, эвслээс нэг сараар илүү хугацаа олгосон юм байна. Тиймээс тэдний хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг аудитынхан тавдугаар сарын 26-наас өмнө СЕХ-нд өгнө. Харин нам, эвслийн тухайд мөрийн хөтөлбөр болон хандивын тайлангаар тус бүр нэг дүгнэлт гаргаж, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлэхээр хуульд заажээ. Нам, эвсэл, бие даагчид 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 1-ний хооронд үйл ажиллагааны зорилгоор иргэд, хуулийн этгээдээс авсан хандивынхаа талаар тайлан гаргана гэсэн үг юм. Улс төрийн намын тухай хуульд нам нь хандив, гишүүний татвар, өөрийн хөрөнгийн орлогоос санхүүжихээр тусгасан байдаг билээ.
Бэлтгэсэн С.Уул