Манай улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй, үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн 300 гаруй хүчтэн оролцов. Тус тэмцээний А хэсэгт улсын болон аймаг, цэргийн арслан цолтой 12, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдлөө. А хэсгээс зургаан баг (Архангай, Төв, Завхан, Сүхбаатар, Ховд аймаг болон “Их монголын хүчтэн” дэвжээ) дараагийн шатанд шалгарч, дахин хоёр хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөж буй.
Б хэсгээс Архангай, Баянхонгор, Завхан, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баг шалгарсан. Үүнээс Өвөрхангай, Архангай, Увс, Завхан, Сүхбаатар, Булган аймгийн баг хожил авчээ. Тэмцээний хоёр дахь шатны 12 тоглолт өчигдөр болсон бол өнөөдөр медалийн төлөөх тоглолтоос аварга багийнхан тодрох юм. Эл тэмцээний холын зайн шидэлтэд Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, аймгийн арслан Г.Дармаажанцан (15 оноо) түрүүлэв. Ур чадварын өрсөлдөөнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн начин Х.Нямдорж шилдгээр шалгарлаа. Дээрх тэмцээнийг 2003 онд анх зохион байгуулахад дархан аварга Г.Өсөхбаяр ахлагчтай Архангай аймгийн баг түрүүлж байсан юм.