УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ойрын үед шинэчлэн батлах гэж буй. Гэхдээ эдгээрийг боловсруулж байгаа, өргөн мэдүүлсэн төслийн нэгдсэн платформ болох УИХ-ын d.parliament.mn цахим хуудсанд байршуулсангүй. Эл төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, өнгөрсөн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан юм. Иймд эдгээр төслийг нээлттэй болгохыг УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нараас “Бодлогод залуусын хяналт”, “Оюуны инновац”, “Цогц хөгжлийн үндэсний төв”, “Нээлттэй нийгэм форум”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Түгээмэл хөгжил” зэрэг иргэний нийгмийн 10 гаруй байгууллагаас шаардаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг санууллаа.
Тэдний шаардлагад “Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд бий. Гэвч хуулийн төсөл боловсруулах, УИХ-аар хэлэлцэн батлахдаа иргэдийн санал, оролцоо, ил тод байдлыг бодитоор хангахгүй байна. Үүний нэг жишээ нь эдгээр хуулийн төслийг нээлттэй байршуулахгүй байгаа явдал юм. 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулах, 126 гишүүнтэй анхны парламент ямар зохион байгуулалт, дэг зарчмаар ажиллахыг эдгээр хуулиар зохицуулна. Гэвч хуулийн төслүүдийг иргэд, олон нийт, төрийн бус байгууллагынхан, судлаачдад нээлттэй болгохгүй, саналыг нь авахгүйгээр боловсруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно” хэмээжээ.
Сануулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.1-т “Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана”, 38.2-т “Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана” гэх зэрэг зохицуулалт бий.