Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Мөнхөд цохилох зүрх” ТББ хамтран “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Тодруулбал, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тусламжтайгаар амь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийнхэн нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, ар гэрийнхэнд талархал илэрхийлэн, эл өдрийг цаашид тогтмол тэмдэглэхээр болжээ. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаар амьгүй донор илрүүлэх тохиолдол нэмэгдсэн гэнэ.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 342 хүнд хийжээ. Мөн 239 хүнд элэг, 32 иргэнд ясны чөмөг, үүдэл эс, шилжүүлэн суулгасан аж. Түүнчлэн ХСҮТ-ийнхөн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 128 удаа амжилттай хийсэн байна. УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөрний их эмч Л.Од-Эрдэнэ “Бөөр ямар нэг шинж тэмдэг өгдөггүй, дүлий эрхтэн учраас өвдсөнийг нь мэдэхгүй явсаар дутагдалд орсон хүн цөөнгүй. Тиймээс жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай. Бөөрийг өвчлүүлдэг олон шалтгаан бий. Элэгний вирусийн халдвар, цусны даралт ихсэх, таргалалт, тамхидалт зэргээс бөөр өвчилдөг. Чихрийн шижин өвчин гэхэд эцэстээ бөөрний дутагдалд хүргэдэг. Иймд хүүхдээ багаас нь амны хөндийн эрүүл ахуйг сахиулж, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй” гэв.
Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилдаг. Нэг амьгүй донор найман хүний амь авардаг гэж үздэг. Олон улсад аль болох амьд донороос эрхтэн шилжүүлэхээс татгалзах болсон. Харин манай улсын хувьд тархины үхэлтэй донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрсөн тохиолдолд эд, эрхтнийг нь хүлээлгийн жагсаалт дахь өвчтөнүүдийн цусны бүлэг таарсан хүмүүст шилжүүлэн суулгадаг байна. Хамгийн сүүлийн статистикаар эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн тоо 1000 даваад байгаа аж. Ташрамд хэлэхэд, Монгол Улс 1996 онд хамгийн анх бөөр шилжүүлэн суулгаж байсан бол 2006 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байна.