Парламентын гишүүдийн тоог нэмж байгаатай холбоотойгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Төслийг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан бөгөөд хянан шалгах түр хороо эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэхдээ шүүхэд очихоос нь өмнөх шатанд гишүүдийн саналаар шалгах боломжтой байхаар тусгажээ. Баталсан хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ АТГ, цагдаа, тагнуул гээд эрх бүхий байгууллага нь хэрэг үүсгэхээс авхуулаад мөрдөн байцаах ажиллагаа явуулан, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх хүртэл хууль тогтоогчид бас шалгалт явуулна гэдгээ ийнхүү бататгаж, тодорхой болгох нь.
Баталсан хууль тогтоомжийнхоо биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ АТГ, цагдаа, тагнуул гээд эрх бүхий байгууллага нь хэрэг үүсгэхээс авхуулаад мөрдөн байцаах ажиллагаа явуулан, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх хүртэл хууль тогтоогчид бас шалгалт явуулна гэдгээ ийнхүү бататгаж, тодорхой болгох нь.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар уг хороог нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой сэдвийн хүрээнд байгуулах ёстой. Мөн хянан шалгах түр хороо шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглодог. Парламент өнгөрсөн хугацаанд буюу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг 2022 оноос мөрдсөнөөс хойш Хөгжлийн банкны, нүүрсний, ногоон автобусны гэх мэт тодотголтой хэд хэдэн түр хороог байгуулан ажиллав. Бүгд л хэрэг үүсгэж, шүүх, хуулийн байгууллагаас шалгаж байсан гэж хэлж болно.
Тухайлбал, “Хөгжлийн банкны” түр хороог 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд байгуулж, дараа жилийнх нь дөрөвдүгээр сарын 21-нд татан буулгасан. Ингэхдээ тус түр хорооны үйл ажиллагаанаас хамгийн анхаарал татсан хэсэг болох уг хэрэгт хамаарах нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд эхлүүлж, хоёр сарын хугацаанд гурван үе шаттайгаар, зохион байгуулсан. Харин уг хэргийг дэнслэх шүүх хурал нь нээлттэй сонсгол өндөрлөснөөс нэг сарын дараа, түр хороог нь татан буулгахаас зургаан хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн байдаг. Мөн “нүүрсний” түр хороог хоёронтоо байгуулж, нээлттэй сонсгол хийсэн. Уг хэрэгт холбогдон хоригдож байсан Б.Ганхуягийг сонсголд оролцуулна, оролцуулахгүй гэж түр хорооныхон болон хууль сахиулах байгууллагынхан маргалдаж байв.
“НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ”-ИЙГ ШҮҮХ ХУРАЛ БА СОНСГОЛ
Харин одоо “ногоон автобус”-ны түр хорооныхон ид ажиллаж буй. Тэд сонсгол хийхээр шинжээч нарыг томилсон бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар нарыг гэрчээр дуудна гэдгийг тус түр хорооны дарга нь мэдэгдэв. Сонсголын тов тодорхой болоогүй ч нөгөө талаас прокурорын байгууллагынхан эл хэргийг 10 гаруй хоногийн өмнө шүүхэд шилжүүлээд буй. Шүүх ажиллагаа түрүүлээд эхэлчихвэл сонсголыг зохион байгуулах уу гэдэг нь анхаарал татаж байна. Сонсголоор дамжуулан олон түмэнд мэдээллийг нээлттэй хүргэх нь гол зорилго ч УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед эрх баригчид үүгээр “шоудаж”, өрсөлдөгчдөө харлуулан, буруутгахаар улайрна хэмээн хардаж байгааг буруутгах аргагүй.
“Ногоон автобус”-ны буюу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Сонсголоор мэдээллийг нээлттэй болгож байгаа ч үр дүн хаана байна вэ. “Хөгжлийн банкны хэрэг”-т гэхэд төсөөлснөөс сул шийдвэр гаргачихсан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэг зүйлийг дутуу орхичихсон. Бид хэлэлцсэн асуудлынхаа тайлан, үр дүнг шүүхийн байгууллагад хүргүүлдэг. Хуулийн байгууллагаас ч бидэнд буцаагаад тайлан тавьдаг байгаасай. Ийм өөрчлөлтийг холбогдох хуульд нь оруулж болох юм” хэмээн ярьсныг зориуд тэмдэглэе. УИХ-ын гишүүдийн тоог нэмж байгаатай холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг тусгах нэрээр хууль тогтоогчид шүүх засаглал, тэднээс хараат байх үүрэгтэй бусад байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх “нүх”-ээ малтах вий.
БҮЛГИЙН НЭРИЙН ӨМНӨӨС БҮХНИЙГ ХОРИГЛОХ УУ
Түүнчлэн 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол тухайн нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулахаар тусгажээ. Энэ нь 126 гишүүний 10 гаруй хувь нь нэг бүлэг байгуулах босго тавьж буй хэрэг. Одоо ч ийм, багадаа найман гишүүнтэй болж байж бүлэг байгуулах эрхтэй. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “УИХ олон гишүүнтэй болж байгаа учраас нам, эвслийн бүлгүүд тухайн асуудлаар бодлогоо нэгтгэн зангидахад илүүтэй төвлөрч ажиллана. Иймд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоон, нам, эвслийн суудлынх нь тоогоор цаг хуваарилна.
Үлдсэн цагийг нь бүлэггүй болон бие даагч гишүүдэд өгөх юм. Энэ бол бусад орны парламентад мөрддөг нийтлэг зарчим” хэмээн танилцуулсан. Олон хүнийг бүгдийг нь дураар нь яриулбал цаг хугацаа алдаж, сунжрахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийг хүртэлх парламентуудад хэлэлцэж буй төслийнхөө дагуу ажил хэрэгч, мэргэжлийн талаас нь хандаж, хууль батлах бүрэн эрхээ нэр төртэй гүйцэтгэсэн ньч тийм ч олон биш. Үнэндээ мэргэжлийн биш байж болох ч ямар ч мэдээлэлгүй, төслөө сөхөж ч хараагүй гэмээр асуулт тавьдаг, камер харж юу ч хамаагүй ярин, сонгогчдод таалагдахыг урьтал болгож ирсэн нь илүү жин дарна. Ийм замаар тодорсон “поп” улс төрч ч цөөнгүй.
Гэхдээ тухайн нам, эвслийн удирдлага, шийдвэр гаргах дээд байгууллагаас, нөлөө бүхий гишүүдээс нь тулгасан чиглэлд баригдаж, хайрцаглагдсан шийдвэр гаргасан тохиолдол манай хууль тогтоох засаглалын түүхэнд бишгүй. Бүлгийнхээ шийдвэрийг дагалгүй, өөр байр суурь илэрхийлснийхээ төлөө нүд үзүүрлэгдэх нь ч энүүхэнд. Ингэж нам, бүлэг дотроо цөөнх болж, үзэл бодолдоо үнэнч байснаараа үг хэлэх эрхээ хязгаарлуулбал шударга бус. Тухайн гишүүн хүсвэл мөнгөө төлөөд хэдэн ч хэвлэл дуудаад ярьж болох ч парламентын танхимд “бүлгийн байр суурь” гэдгээр дуу хоолойг нь бүрэн хаахгүй хэмээн найдна. 126 гишүүний олонхыг нь тойргоос сонгочхоод тойргийнх нь, бас сонгогчдынх нь байр суурь, үзэл бодлыг хазаарлаж буйгаас өөрцгүй. Үүнээс гадна төлөөллийн байгууллагын сонгодог загвар гэгддэг парламентын мөн чанар болох мэтгэлцэх зарчим алдагдах эрсдэлтэй.
Үүнээс гадна байнгын хорооны дарга Н.Энхболд “12 хүртэл суудал аваагүй гишүүд аль нэгэн бүлгийн бүрэлдэхүүнд орж, үзэл бодлоо нэгтгээд явах боломжийг хуулиар бүрдүүлэх нь зүйтэй. Тэд аль нам, эвслийн бүлэгтэй үзэл санааны хувьд ойр байж, хүчээ нэгтгэвэл үр дүнтэй вэ гэдэг талаас нь бодох байх” хэмээсэн нь анхаарал татав. Бие даагч гишүүний хувиар УИХ-д орж ирээд аль нэгэн бүлгийн бөөрөнд наалдсан, эсвэл бүлгээ задлан байж тарж сарнин, өөр нам, эвсэл рүү гүйсэн тохиолдол цөөнгүй. Ингэхдээ тэд үзэл санаа гэхээс илүүтэй өөрсдийн өчүүхэн эрх ашиг, албан тушаал, тохироо хэлцэлд хөтлүүлэн нааш, цааш гүйсэн нь харамсалтай.
БҮРЭН ЭРХЭЭРЭЭ БҮР ХАМГААЛУУЛАХ НЬ
Цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэх хоёр ойлголтыг хольж хутгаад байгааг засах гэнэ. Өдгөө гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналаа улсын ерөнхий прокурор УИХ-д уламжилсан тохиолдолд парламент хэлэлцэн шийдвэрлэхээр буй. Мөн гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол хэлэлцэхээр заасан.
Үүнийг “Гишүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах үндэслэл бүхий нөхцөл тогтоогдсон, эсвэл түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзвэл” хэмээн тодотгохоор тусгасан байна. Харин нэмэлт болгон оруулсан үндэслэл нь гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхийн өмнө улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол хэлэлцэхээр заажээ. Энэ тухайд Н.Энхболд “Гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл улсын ерөнхий прокурор шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирдэг.
Олон улсын парламентын холбооны зүгээс гишүүний бүрэн эрх бол сонгогчдоос нь олгосон мандат, түүгээр дамжин хууль тогтоох байгууллагын бие даасан, хараат бус байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх механизм хэрэгжих ёстой гэж үздэг. Харин халдашгүй байдал гэдэгт парламентын гишүүнийг баривчлах, байцаах, шалгах үйл явцыг хамруулдаг. Шүүхээс гэм буруутайг нь тогтоовол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, мандатыг нь байхгүй болгодог. Гэтэл одоо УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа ч хуралдаа ч орох боломжгүй, шүүхийн шийдвэр нь ч гарахгүй яваад байна шүү дээ” гэв. Өөрсдийгөө өмгөөлж, авч үлдэх гэсэн хандлага шууд анзаарагдахгүй байна гэж үү. Ямартай ч засаглал хоорондын хяналт тэнцэл алдагдаж буй, сөрөг хүчингүй, үнэмлэхүй олонхтойгоор олон жил ажилласан парламент үргэлжлүүлэн эрх барина гэж тооцон эл хуулийг батлах гэж байгаа юм биш биз.