Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Япон Улсад ажиллах хүрээнд тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ-тэй энэ сарын 1-ний өдөр Токио хотноо уулзав. Уулзалтаар дэд сайд Г.Амартүвшин ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрч, ГХЯ-д хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг дурдаад, ийнхүү хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Талууд хоёр улсын “хүн төвтэй” харилцааг бэхжүүлэх, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт энхийг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.