МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Улмаар өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна. Эдгээр төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан бөгөөд тус байнгын хорооны дарга Н.Энхболд нарын гишүүд бүлгийн хуралдааны дараа мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Сонгуулийн үр дүнгээр байгуулах парламентын үйл ажиллагаа Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой. Сонгуулиар 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг олонх болсонд тооцно. Байнгын хороодыг 19 гишүүнтэйгээр байгуулж буйг 25 болгон нэмэгдүүллээ. Нэг гишүүн гурваас илүүгүй байнгын хороонд ажиллаж байгааг нэгээр цөөлөхөөр заасан. Ингэснээр салбар салбараараа мэргэшин ажиллах нөхцөл бүрдэнэ. Нийт найман байнгын хороотой байна.
Ерөнхий сайд, сайдын “давхар дээл”-тэй гишүүдийг эрхлэх асуудлыг нь хамаардаг байнгын хороонд оруулахгүй. Тэд нэг л байнгын хороонд ажиллана. Нэг байнгын хороонд Засгийн газраас хоёроос илүү гишүүн ажиллуулахгүй. УИХ-ын бие даасан байдлыг хангахын тулд эдгээр зохицуулалтыг тусгасан. Нэг дор дөрвөөс илүүгүй хянан шалгах түр хороо ажилладаг байх зохицуулалт бий. Олон нийтийн анхаарал татсан асуудлыг хэлэлцэхдээ гэмт хэрэг үүсгэсэн асуудлаар шүүхийн шатанд очихоос өмнө гишүүдийнхээ саналаар шалгаад явах боломжтой. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцохгүй байх заалт тусгасан. Мөн УИХ-д 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлэг байгуулна” гэв.