УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн залуус олноор гадагш явж байгаа тухайд цөөнхийн бүлгийн дарга О.Цогтгэрэл “Манай улсаас яагаад залуучууд дайжаад байна вэ гэдгийг оюуны дайжилт буюу “Brain drain index” тодорхой харуулж байна. Монголд амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг уг индекс илэрхийлжээ. Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйг илүүд үзэх болсон байна. Эл индексийг илэрхийлдэг хоёр гол хэмжүүрийн нэг нь эдийн засгийн буюу цалин, орлогын хүрэлцээ, нөгөө нь нийгмийн тэгш бус байдал юм. Авлига ихсэх тусам иргэд эх орноосоо явах хүсэлтэй болж байна. Эрх баригчид найман жилийн турш авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийсэн ч үр дүн гарсангүй, улам ухарсан. Залуучууд ажил хийгээд буй атлаа ядуу байна. Уг нь ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд ядуурал бий болдог шүү дээ. Гэтэл манайд ажилтай байх тусмаа ядуураад байна” гэв.
Түүнчлэн тус намын гишүүдийн боловсруулсан, малчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотой хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж чадахгүй байгаагаа учирлав. Гишүүн Н.Ганибал “Төслөө өргөн барихаар хоёр удаа цаг товлосон ч УИХ-ын дарга зугтаачихлаа. Өргөн барих үйл явцад саад учруулж байна. Ер нь олон гишүүн орон нутагт ажиллаж байгаатай холбоотойгоор хууль тогтоох үйл ажиллагаа тасалдлаа” гээд парламентын даргад шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв.