Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох, жүдо бөхийн “Их дуулга”-д 94 орны 661 тамирчин хүч сорив. Монголоос үндэсний шигшээ багийн 20 тамирчин зодоглосон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Гватемал улсын тамирчин Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Хагас шигшээд эзэн орны жүдоч Сила Ерсинд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Медалийн төлөөх барилдаанд түүнтэй Бразилын бөх Наташа Феррейра таарав. Манай жүдоч ур чадвар, туршлагаар илүүрхэж, өрсөлдөгчөө ялснаар “Их дуулга”-аас долоо, Антальягаас гурав дахь (2022, 2023, 2024 онд хүрэл) медалиа атгав. Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Б.Цогт-Очир V, Э.Ариунболд VII байр эзэллээ.