Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн төлөв байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан бодлогын баримт бичгийг “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Төсвийн тухай хуульд өнгөрсөн оны долоодугаар сард нэмэлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад олон нийтээс санал авахаар заасан юм. Эл хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцон, макро эдийн засгийн төлөв байдал, баримтлах бодлого, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, өрийн удирдлагын стратегийн талаар мэдээлэв.
Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нээсэн бол дэд сайд Г.Түвдэндорж үндсэн илтгэлийг танилцуулахдаа “Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд анх удаа олон нийтээс санал авч байна. Монгол Улсын эдийн засаг тогтворгүй, үзүүлэлтүүд нь огцом өсөж, буурч ирсэн. Ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувьд барих бодлого баримтална. Улмаар салбар бүрд шинэчлэл хийх ёстой. Тухайлбал, уул уурхайн хайгуулын лицензтэй холбоотой харилцааг ил тод, шуурхай болгох нь чухал. Мөн эрчим хүчний хомсдолоос гарахын тулд хувийн хэвшлийнхнээс хөрөнгө оруулалт татан, либералчлах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого ч төсвийг зөв хуваарилахад чиглэх учиртай. 3-4 аймаг буюу бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж, хөгжлийн төслүүдээ хэрэгжүүлнэ гэсэн үг” хэмээн онцолсон. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан төсвийн гол чиг баримжааг тодорхойлдог баримт бичгийг батлахдаа олон нийтээр хэлэлцүүлж, тэдэнд мэдээлэл хүргэн, саналыг нь сонсох тогтолцоо бүрдүүлж буйг тэмдэглэв. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор “Өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцвол ДНБ-д эзлэх хэмжээ нь 2023 оны гүйцэтгэлээр 38.6 хувь болж буурсан. Одоогоор Засгийн газрын өрийн багцын дийлэнх хувийг гадаад бонд, зээл эзэлж байна” гэлээ.
Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг тавдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх ёстой бөгөөд үүнд тусгах олон нийтийн саналыг Эдийн засаг, хөгжлийн яамны албан ёсны цахим болон фейсбүүк хуудсаар авч буй аж.