Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж, Сөүл хотод болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбээр тус улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм. Засгийн газрын тэргүүн “2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлсэн. Энэ нь зөвхөн уул уурхайн биш, аялал жуулчлалын салбарын өсөлт байсан юм. Өнгөрсөн онд Монголд ирсэн гурван жуулчин тутмын нэг нь БНСУ-ын иргэн байна. Бид Солонгосын иргэдийг визгүй зорчих эрх зүйн орчноо цаашид ч үргэлжлүүлнэ. Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр манай улсын талаарх нэвтрүүлэг цацагдаж байгаа гэсэн судалгаа бий. Хоёр улсын хоорондох агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэн, орон нутгийн шууд нислэг нээхээр шийдвэрлэсэн. Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарч, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжууллаа. Орон нутагт “Starlink” өндөр хурдны интернетийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлээд байна” хэмээгээд Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй тус улсын ард иргэдэд талархал илэрхийлэв. Энэ үеэр Ерөнхий сайд монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилга дэвшүүлж, үүнд Америк, Энэтхэг, Европ, Төв Азийн олон улс нэгдэх боломжтойг дурдлаа.