УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга бол Монголын төрийн өндөр албан тушаалтан. Зэрэг, зиндаагаар нь адилтгавал Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай эн зэрэгцэх тусгай албан тушаалтан юм. УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Энхбаяр оны өмнөхөн эл албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь учиртай. Тэрбээр УИХ-ын сонгуулийн төвийн бүсийн тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт өрсөлдөхөөр зэхэж, хуулийн дагуу өндөр албан тушаалаас татгалзсан хэрэг. Гэхдээ тэр өдгөө Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн тэргүүний зөвлөх ч өндөр албан тушаалтны ангилалд багтдаг. Ийнхүү өндөр албан тушаалыг сорчлон сэлгэж “сурсан” Ж.Энхбаярыг сонгож болохгүй шалтгаан бий.
Тэрбээр 2008-2020 онд буюу гурван парламентад дараалан гишүүнээр сонгогдсон нэгэн. Өнгөрсөн сонгуулиар ч өрсөлдөхөөр бэлтгэж байсан нь нууц биш. ЖДҮХС-г эрх баригчид эрээ цээргүй цөлмөсөн нь илэрч, ичсэндээ энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлээгүй. Өөрөөр хэлбэл, өнөөх санг тоногчдын нэг нь Ж.Энхбаяр байв. Энэ дуулиан дэгдэх хүртэл тэр домогт генералын үр удам, эрэмгий улс төрч, шударгын туйл гэх мэт эерэг олон “дүр”-ээр амьдарсан юм. Олон нийт, иргэд, сонгогчид ч түүнийг дэмжиж, хир халдаадаггүй байв. Гэвч тэр сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөж үржүүлэхээр эзэмшлийнхээ “Газар холдинг” группийн охин компаниар дээрх сангаас жилийн гурван хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээл авсан нь илрэх нь тэр. Тэрбээр тухайн үед энэ талаар фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хаягтаа “Тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол малын махны чанарыг сайжруулах зорилгоор, сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлэх аж ахуй эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮХС-гаас авсан” хэмээн “мэдэгдсэн” удаатай. 2016 оны сонгуулиар байгуулагдсан парламентын чинээлэг гишүүдийг өнгөлж, орлогоо хэдэн тэрбум хэмээн мэдүүлсэн Ж.Энхбаяр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан нь увайгүй үйлдэл байв. Албан тушаалын давуу байдал, мэдээлэлд ойр байдгаа ашиглан “жижиг”-үүдийн урдуур орж том бизнес босгочихоод, түүгээрээ гангарч, шударгын дүр эсгэсэнд л түмэн олон дургүйцэж, жигшээд байгаа шүү дээ. Үнэндээ тэр зээлээ төлчихсөн гээд бахдалтай нь аргагүй ярьж явсан нь ч хийсэн “хэрэг”-тээ гэмшихгүй, бусдын боломжийг хулгайлснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл биш гэж үү. Үүний мөрөөр АТГ түүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн ч төдөлгүй замхарсан. Өнөөдрийг хүртэл энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй.
Ингээд 2020 оны сонгуулиар нам нь үнэмлэхүй ялалт байгуулж, дарга нь Засгийн газраа байгуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдсон юм. Иргэдийнхээ боломжийг хулгайлснаасаа ичээд ил гарч ч чадахгүй байх болов уу гэтэл өндөр албанд томилогдчихов. Удалгүй Ерөнхий сайд нь огцорч, Төрийн тэргүүний суудлын төлөө мацахад ч Ж.Энхбаяр хамт байсан юм. Улмаар өнөөгийн Ерөнхийлөгч сонгогдсоны дараа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болсон хэрэг.
Тэрбээр 2000-2008 онд буюу УИХ-ын гишүүн болтлоо удирдах албан тушаал хашсан байдаг. Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, Гаалийн ерөнхий газарт зөвлөх, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргаас эхэлсэн замналаа ийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ сан сорчилж цөлмөдөг гэх дуулиан нь ч дууссангүй. Өнгөрсөн жил “Хөгжлийн банкны” гэх хэрэгт холбогдуулан хэдэн арван албан тушаалтанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дотор Ж.Энхбаярын нэр байсан юм. Тэрбээр тус банкнаас зээл авч, “чанаргүй” ангилалд багтсан “Сэлэнгийн герефорд” ХХК-тай хамааралтай байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн билээ. Ямартай ч түүний нэр холбогдсон эл хэрэг хэрхсэн нь бас л тодорхойгүй.
Үүнээс гадна тэрбээр Боловсролын зээлийн сангаас 6000 ам.долларын зээл авч Нидерландын Маастрихтын их сургуульд суралцсан ч төлөөгүй. Өнгөрсөн жил эл дуулиан дэгдсэнээс хойш түүнийг зээлээ төлөхийг шаардсан. Одоогоор төлсөн хүмүүсийн жагсаалтад түүний нэр алга. Сурч боловсрохоос авхуулаад бизнес, аж ахуйдаа ч ард түмэнд зориулсан санг ашиглан, амин хувиа бодсон хүн бусдын төлөө ажиллаж, түмэн олны элч, төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж чадах нь юу л бол.